Tuesday, May 13, 2014

Түрээс бол хөдөлмөр биш үү?


 Америкт Их Хямралын болон Дэлхийн Хоёрдугаар Дайны дараа Нью Иорк хотод орон сууцны эрэлт хэрэгцээ огцом нэмэгдсний улмаас   байрны түрээсний үнэ маш ихээр өсчээ.Энэхүү түрээсийн  өндөр өсөлтийг тогтоон барьж  түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд улс төрчид түрээсийн үнийг хязгаарласан хууль баталсан байна.Гэвч харамсалтай нь эрх баригчид түрээслэгчид буюу байрны эздийг түрээсийнх нь орлого буурвал үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс мөнгөө  дайжуулаад өөр илүү ашигтай юманд хөрөнгө оруулна гэдгийг тооцоолоогүй байна.Ингээд шинээр барилгууд баригдах нь ховордож хөлслүүлж байгаа байрнууддаа эздүүд нь засвар хийхдээ хойрго болсноор түрээсний байрнууд хүн амьдрахад бэрх навсархай оромжнууд болж хувирчээ.


Энэ байдлыг засахын тулд эрх мэдэлтнүүд дахин  арга сэдэж  байрны түрээсийн чанарын  стандарт гэгчийг түрээслэгчдэд тулгажээ.Энэ нь зарим нэгэн түрээслэгчид тус болсон боловч байдлыг шал дордуулсан арга хэмжээ болсон байна.Учир нь   бага үнээр байраа түрээслүүлээд  засаж сэлбэх нь байрны эздэд алдагдалтай  байсан тул засгаас тогтоосон дээд үнээр   түрээслүүлэх байрны тоо эрс цөөрч орон сууцны хомсдол улам даамжирчээ .Ингээд эцсийн дүндээ бүх талууд хохирсон тул нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон эрх баригчид  арга нь барагдаж хашраад  шинээр баригдаж байгаа орон сууц, барилгуудын түрээсийн үнийг зохицуулахгүй зөвхөн өсөлтөнд нь хяналт тавихаар шийдвэрлэжээ.

Гэхдээ олон хуучин барилгуудын түрээсийн зохицуулалтыг хэвээр үлдээсэн юм.Үүний ачаар байшингийн эзэд биш мөртлөө давхар түрээслүүлэх маягаар ёстой жинхнээсээ юу ч хийхгүй зүгээр сууж байгаад мөнгө олдог түрээслэгчид бий болсон бөгөөд Манхаттанд хамгийн хямдхан түрээс төлдөг гэгдэх  хоёр өвгөний сонин дээр гарсан доорх жишээ тод харуулна.

Нью Иорк хотын Манхаттан дүүрэгт одоогийн байдлаар 1 унтлагын өрөөтөй байрны сарын түрээсийн хамгийн хямд үнэ  2000$ байна.Харин SoHo -гийн оршин суугч Thomas Lombardi ердөө л 55$ -ын түрээс сардаа төлдөг аж.Энэ мөнгөөр байрны  чөлөөт зах зээлд хос гутал тавих зайг л түрээсэлж болох бөгөөд эсвэл гайгүй шиг ресторанд нэг стэйк авч идэх юмуу үгүй бол  сарын турш өдөрт нэг аяга кофе л авч болох юм.Thomas Lombardi  Spring Street дэх  түрээснийхээ байранд хүүхэд ахуй наснаасаа амьдарч байгаа бөгөөд түүний эцэг эх нь өнгөрсөн зууны 40-өөд онд АНУ-д Италаас цагаачилж ирээд Манхаттанд суурьшжээ. Өдгөө түүний төлдөг сарын түрээс яг 55,01$ ба хорин жилийн турш энэ хэвээрээ байгаа аж.

Гэхдээ Lombardi бол 15 айл оршин суудаг байшиндаа ганцаараа инээд хүрмээр бага түрээс төлдөг оршин суугч биш бөгөөд түүний хөрш 87 настай Tom Combs өвгөн 1967 оноос хойш амьдарч байгаа нэг унтлагын өрөөтөй байрныхаа түрээсэнд 71.23 $ төлдөг байна.
Чөлөөт зах зээл дээр дээрх хоёр өвгөний амьдарч байгаа байрыг түрээслүүлээд багаар бодоход 7000$ олж болох ба байрны эзэн  тэр хоёрыг бушуухан чадраасай гэж  бодож байж магадгүй юм.

Гэвч Combs өвгөний бие тэнхээ тун сайн бөгөөд тэрээр ярихдаа "Энэ байрнаасаа бурхны оронд очих байх гэж найдаж байна.Гэхдээ тийшээ яарахгүй байгаа.Удахгүй Непаль улсаас гаралтай 44 настай найз залуутайгаа хуримаа хийх төлөвлөгөөтөй байна.Найз маань улс төрийн шалтгаанаар АНУ-д суурьших санаатай байгаа" гэжээ.Хэрэв тэр найз залуутайгаа хуримаа батлуулаад тэр нь хуримаа хийснээс хойш түүнтэй түрээсийнх нь байранд  цуг амьдрах юм бол мань эрийг чадарсан хойно байрны түрээслэлийг зохицуулах хуулийн дагуу байрандаа 71.23$ түрээс төлөөд цаашид амьдарч болох эрхийг өвлөж авах эрхтэй болно.

Thomas Lombardi өвгөний хувьд бас байдал төстөй бөгөөд түүний залуу эхнэр нөхрийгөө бурхны оронд очвол мөн адил түрээсийн байрандаа сард 55$ төлөөд  амьдрах эрхтэй юм.

Нью Иорк хотод нийт орон сууцны барилгын 1.8% буюу 38374 байранд түрээслэлийг зохицуулах хуучин хууль үйлчилдэг .Тэдгээр байрыг түрээслэгчид дунджаар 800$ сардаа төлдөг байна.Энэ төрлийн зохицуулалтанд хамрагдах хүмүүс нь 1971 оны 7 сарын нэгнээс өмнө оршин суусан байх ёстой ба байр хэрэв түрээслүүлэгчид мужийн захиргаанд зохих өргөдөл өгсөн бол түрээсийг жилд 7.5 % -иар мужийн захиргааны хоёр жилд нэг удаа тогтоодог дээд хэмжээнд хүртэл өсгөж болох ажээ.Үүнээс гадна нийт орон сууцны байшингийн 45.4 % -д түрээсийн үнийн өсөлтийг тогтворжуулах зохицуулалт үйлчилдэг ба энэ ангилалд багтсан түрээслэгчид дунджаар 1050$ сардаа төлдөг тэдний түрээсийг жилийн 3.75%-иар өндөрсгөж болно. Эдгээр түрээслэгчид голцуу байраа хууль бусаар бусдад давхар түрээсэлдэг болно.Тэднийг хянахад маш хэцүү бараг боломжгүй.

Combs , Lombardi хоёрын түрээс хуучин хуулиар зохицуулагдах ба  тэдний байшингийн хуучин эзэн мужийн захиргаанд нэг ч удаа өргөдөл өгж түрээсийг нь нэмэгдүүлээгүй байж байгаад байшингаа зарсан байна.Ингээд Spring Street дэх байшингийн одоогийн шинэ эзэн  хоёр өвгөн түрээслэгчидээс болоод ашиггүй ажиллаж байгаа ажээ.15 байрныхаа хоёрыг нь насан туршдаа бусдад үнэгүй шахуу түрээслээд дээрээс нь засаж сэлбэж байх үүрэгтэй тул  байшингийн эзэн сэтгэл хангалуун байхгүй нь лавтай.Ер нь байшингийн эзэд Манхаттан дүүрэгт  нэг унтлагын өрөөтөй байрыг 1000$-оос доош хөлслүүлвэл үл хөдлөх хөрөнгийн татвар, цахилгаан, дулаан , засвар зэрэг элдэв зардлыг төлдөг учир алдагдалд ордог байна.

Монголын нэгэн  хууль тогтоогчын амнаас гарч байгаа " Түрээс бол хөдөлмөр биш. Зүгээр шахуу суугаад  бусдын хөдөлмөрийг мөлжиж байгаа хэлбэр гэж тайлбарлаж болно" гэдэг өгүүлбэр бол хамгийн зөөлнөөр тодорхойлоход эдийн засгийн наад захын мэдлэггүйгээ харуулж байгаа хэрэг бөгөөд цаашилбал эдийн засгийн эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл юм.Урдaa явж байгaa  хүнийг нүхэнд унахыг харсан хүн эргүү  л биш бол дууриаж нүхэнд ойчдоггүйтэй адил бусдын алдсан  бэлээхэн жишээ байхад тэдний алдааг давтах шаардлаггүй юм.Манай хууль тогтоогчид бусдын алдаанаас суралцана гэж найднам.

No comments: