Sunday, May 11, 2014

Лиценц тусгай зөвшөөрөл мандтугай!

Сүүлийн үед архины худалдааг лиценцжүүлэх тухай маргаан өрнөөд байгаа мөн хуулийг санаачлагч нар "хамгийн их эрх чөлөөтөй Америкт хүртэл" гэж иш татан өөрсдийнхөө үйлдлийг зөвтгөх болсон тул эдийн засгийн сурах бичгүүд дээр хүртэл байдаг улс төрчид яаж захиргааны аргаар түрээсийн капиталыг бий болгодог тухай эдийн засгийн эрх чөлөөний эсрэг үйлдэл болох  хоёр жишээг уншигчдад толилуулмаар санагдлаа.

AНУ-д муж болгон өөр өөрийнхөөрөө архины худалдааг зохицуулдаг байна.Зарим мужуудад архины худалдаа монополь байхад заримд нь архи дарс худалдах гэсэн аж ахуйн нэгжүүдэд тусгай зөвшөөрөл олгодог . Архи дарс худалдаалах тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд заримдаа худалдаж авдаг бөгөөд эдгээр зөвшөөрлийн тоо чанд хязгаарлагдмал байдаг. Жишээ нь Мичиган мужид эрх баригчид бар, ресторан, дэлгүүрт зарах архи , дарс, пивоны 1 ширхэг тусгай зөвшөөрөл 1500 оршин суугчид ноогдохоор тогтоосон байна.Чингэхдээ холбооны хүн амын тооллого болгоны дараа оршин суугчид тоо өссөн газруудад архи дарс худалдах тусгай зөвшөөрлийг нэмж олгодог байна.Гэхдээ оршин суугчид цөөрсөн байвал хуучин зөвшөөрлийг нь хүчингүй болгодоггүй.


Төрөөс бий болгосон энэ хязгаарлалт нь мужийн хүн ам өсөн нэмэгдэж байгаа хурдан хөгжиж байгаа газруудад зах зээлийн хомсдолыг хиймлээр бий болгож архи дарс худалдаалах тусгай зөвшөөрлийн үнийг хөөргөджээ.Жишээ нь 1983 онд Мичиган мужийн Анн Арбор хэмээх хотод 66 тусгай зөвшөөрөл байсны 6 -г нь 1980 онд явагдсан хүн амын тооллогын дараа олгосон байв.Тэр үед 6 -н зөвшөөрлийн төлөө 33 аж ахуйн нэгж өрсөлдөж байсан ба тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнэ ойролцоогоор 80 мянган доллар хүрээд байв.Орон нутгийн сонингууд тэр үед "Архины эрэлт хэрэгцээ нийлүүлтээсээ давж байна " гэж бичиж байсан боловч аж ахуйн нэгжүүдийн дунд сугалаа сугалуулах маягаар уг тусгай зөвшөөрлийг олгосон учраас бүгд л 80 мянган долларыг зүгээр хүртчих санаатай байв.

Мичиган мужийн иргэд архи дарсны худалдааг либералчлах өөрөөр хэлбэл төрийн зохицуулалтаас чөлөөлөх /тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох/ санаачлага олон удаа гаргаж байсан боловч улс төрийн бүлгүүдийн янз бүрийн хаалт саадаас болоод хэзээ ч үр дүнд хүрээгүй байна.Тэдний дунд архи дарс эрүүл мэндэд хортой шашны номлолд бурхан архи дарс хэрэглэхийг хориглодог гэх хүмүүс ч байв.Гэхдээ архины худалдааны тусгай зөвшөөрлийг цуцлахын эсрэг хамгийн тууштай бөгөөд хүчтэй тэмцэгч нар бол "Мичиган мужийн архи дарс худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн холбоо" хэмээх байгууллага байжээ.Хэдийгээр архи дарсны худалдаа эрхлэгчид өөрcдөө төрөөс өөрсдийнх нь эрхийг хязгаарлаад өгөөчээ гэж тэмцэж байгаа нь парадокс мэт боловч шинээр тусгай зөвшөөрөл олгох юмуу эсвэл хүчингүй болгочих юм бол тэдний ашиг орлого буурах учраас өөрсдийнхөө эрх ашигийн төлөө тэмцэж байгаа гэдгийг ойлгоход түвэггүй билээ.

 Нью Иорк хотод 1986 оны байдлаар таксины тусгай зөвшөөрөл буюу лиценц 100 мянган долларын үнээр арилжаалагддаг байв.Тэр үед таксиний жолооч нар ойролцоогоор 50 цаг ажиллаад олсон орлогоосоо зардлуудаа хасахаар гар дээр нь 400 доллар үлдэж байжээ. Өөрөөр хэлбэл тэд цагт найман долларын  цалинтай байв .Нью Иоркийн Такси, Лимузинийн Асуудал Эрхлэх Хороо жолооч нар цагийн найман доллар олж байгаа нь дэнүү бага байна гэж үзээд таксины үйлчилгээний үнийг өсгөх шийдвэр гаргажээ.Ингэснээрээ тэд жолооч нарын орлого нэмэгдэж улмаар мэргэжлийн сайн  жолооч нар такси барихыг эрмэлзэх  болно гэж тайлбарлажээ.

Эдийн засагчид   "Энэ шийдвэр жолооч нарын орлогыг нэмэгдүүлэхгүй ба зөвхөн таксины тусгай зөвшөөрлийн зах зээлийн үнийг л өсгөнө" гэж байжээ.Энэ нь ч такси үйлчилгээний үнэ өссөний дараа тодорхой болсон юм.1986 онд таксины жолооч нар шатахуунаа өөрсдөө даагаад  таксины эздэд  өөрөөр хэлбэл лиценц эзэмшигчдэд өдрийн ээлжинд 55 , шөнийн ээлжинд 65 доллар төлцгөөж байв.Ингээд жолооч нарын дундаж орлого  эцсийн дүндээ хоногт арван цаг ажиллаад 80 доллар болж байжээ.Харин таксины эзэн аль хэр орлоготой байсан бэ? гэвэл тэд таксигаа жилийн 320 хоногт хоёр ээлжээр түрээслүүлээд 38400  доллар олж байв.Үүнээсээ элэгдэл хорoгдол, засвар , даатгалын зардлыг хасахаар /ойролцоогоор 21100 доллар/ таксиний эздийн цэвэр ашиг 17300 доллар байжээ.

Өөрөөр хэлбэл таксины эзэн өөрийнхөө 100 мянган долларын үнэтэй капиталаа түрээслүүлээд 17% хүртдэг гэсэн үг.Такси үйлчилгээний үнийг өсгөх захиргааны шийдвэр эдийн засагчдын хэлснээр таксины лицэнзийн зах зээлийн үнийг өсгөсөн болохоос  жолооч нарын орлогыг нэмэгдүүлээгүй юм.Лиценц хэмээх хуудас цаас  яагаад 100 мянган долларын үнэд хүрсэн бэ? гэвэл хотын захиргаа тоог нь хязгарласнаас болсон бөгөөд уг лицэнцгүйгээр таксины үйлчилгээ үзүүлэх нь хууль зөрчсөн хориотой үйлдэл юм.

Өнөөгийн байдлаар Нью Иоркийн таксины лицэнцний үнэ 1 сая доллар давсан ба эзэндээ ойролцоогоор жилд 75 мянган долларын орлого өгдөг байна.Харин таксиг голцуу энэтхэг пакистанаас гаралтай англи хэл муу мэддэг аваар осол их хийдэг  хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн хямд үнэлгээтэй хүмүүс жолоодох болжээ.Товчxондоо таксины лицэнцний болоод үйлчилгээний үнэ байнга өсч байхад үйлчилгээний чанар уруудаж , жолооч нарын бодит орлого гавьтай өсөөгүй байна.

Дээрх хоёр  бол төрийн зохицуулалтаар яаж түрээсийн капиталыг бий болгодогийг яруу тодоор харуулсан жишээ билээ.Архины худалдааг лиценцжүүлснээр жижиг дэлгүүрүүдийн алдагдсан орлого лиценц эзэмшигчдийн халаасанд орох бөгөөд тэд бас лиценцээ түрээcлүүлээд ашиг олох боломжтой болох юм.Хэн нэгэн улс төрч  тун удахгүй  "Улаанбаатар хотод хэтэрхий их такси хөдөлгөөнд оролцож замын түгжрэл агаарын бохирдлыг үүсгэж байна.Лиценцжүүлээд тоог нь хязгаарлавал жолооч нарын орлого нэмэгдэж замын түгжрэл арилан , такси таних тэмдэгтэй болон үйлчилгээ нь сайжирч улсад төлөгдөх татвар нэмэгдэнэ" гэж уран жиргэнэ гэдэгт би итгэлтай байна.

Гэвч харамсалтай нь ганцхан архин дээр ч биш лиценц , тусгай зөвшөөрөл гэж ярьсан нөхдүүдийн эцсийн зорилго нь ард түмний сайн сайхны төлөө биш зүгээр л захиргааны аргаар түрээслүүлж болох капитал үүсгэн түүнийгээ өмчлөх бөлгөө.Зарим нэгэн УИХ-ын гишүүд үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэгчидтэй дайн зарлаж шулж мөлждөгөөр нь тэднийг дуудаж толгойг нь авчих дөхөж байгаа мөртлөө яг хажууд нь журмын нөхөр нь захиргааны аргаар түрээсийн капитал үүсгэx гэж байхад чив чимээгүй зүв зүгээр байгаа нь инээд хүргэмээр жигтэй сонин.


No comments: