Sunday, December 29, 2013

Абрахам Масловын Хэрэгцээний Шатлалын тухай бяцхан тайлбар

Хоол хүнс, хоргодох орон байртай болох зэргээс эхлээд сурч боловсрох , ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлтэй болох, нийгэмд тодорхой байр суурь эзэлж  бусдаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэх мэт xүнд маш олон талын хэрэгцээ байдаг .Эдгээрийг Америкийн сэтгэлзүйч  A.X. Mаслов чанд эрэмблэгдсэн, шаталсан байдаг гэж  үзээд 1943 онд "A Theory of Human Motivation" бүтээлдээ хүний хэрэгцээг шаталсан таван бүлэгт ангилаад  доод шатны хэрэгцээ хангагдаагүй цагт дээд хэрэгцээ үүсэхгүй буюу орхигддог.  Мөн хүний хүсэл тэмүүлэл (motivation) нь хэрэгцээгээрээ тодорхойлогддог тухай онол  дэвшүүлжээ.
Үүнд:

  

 
5. Өөрийгээ нээх (Self-Actualization)


4. Хүндэтгэл (Esteem)

 3. Хүмүүстэй холбогдох хэрэгцээ  (Social)

 2. Аюулгүй байдал (Safety)


1. Бие махбодийн  хэрэгцээ (Physiological)



Ингээд эдгээр хэрэгцээнүүдийг дарааллаар нь тайлбарлая


1. Бие махбодийн хэрэгцээ

Амьсгалах, ууж идэх, унтах, секс гэх мэт амьд махбодийн төрөлх хэрэгцээ.


2. Аюулгүй байдaл

Энэ хэрэгцээнд эрүүл мэнд,санхүүгийн тогтвортой байдал, бие сэтгэлийн амар амгалан байдал  зэрэг багтана.Өөрөөр хэлбэл хүний орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал ,хууль эрхзүй зэргийн нийлэмжээс бүрдсэн  хүнийг болзошгүй эрсдлээс хамгаалсан тогтвортой орчин нөхцлийн хэрэгцээ юм.Нэг хоёрдугаар хэрэгцээ бол хүний үндсэн суурь хэрэгцээнүүд бөгөөд хангагдаагүй тохиолдолд хүнд дараагийн шатны хэрэгцээг хүсэл тэмүүлэл алга болно.

3. Хүмүүстэй холбогдох

Робинзон Крузо эзэнгүй арал дээр ганцаар амьдрахдаа хэдий гэдэс цатгалан эрх дураараа байсан ч гэсэн   арлыг орхин явахыг үргэлж мөрөөдөж байсантай  адилаар аль ч хүнд дээр дурдсан хоёр хэрэгцээ хангагдахад хайр дурлал, нөхөрлөл, хамт олонтой байх,  нам эвлэлд харьяалагдаx зэрэг нийгмийн  хэрэгцээ үүсдэг.Өнөө үед хөдөөнөөс хотод , хотоос гадаад шилжих суурьших хөдөлгөөн эрчимжсэний улмаас хүмүүс хамаатан садан гэр бүл найз нөхдөөсөө холдож энэ нийгмийн хэрэгцээгээ хангахдаа ихээхэн бэршээлтэй тулгарах болов. Энэ нь хүмүүст ялангуяa хүүхдүүдэд маш хүнд тусдаг ба нийгмийн паталогийн шалтгаан ч болдог байна.Мөн Facebook , Hi5, Twitter мэтийн social media  хурдтай хөгжиж байгаа нь  эдгээрийг  хүмүүс нийгмийн хэрэгцээнийхээ нэг хэсэгийг хангах арга хэрэгсэл болгосонтой  холбоотой.

4. Хүндэтгэл

Ямар ч хүн ялаа байсан бол хэдгэнэ болохыг хүснэ .Хэдгэнэ болвол болжмор, болжмор болвол хэт нь заавал бүргэд болохыг  санаархана гэж Р.Чойномын шүлэглэсний адил эхний гурван хэрэгцээ хангагдахад өөртөө итгэлтэй байх, амжилтанд хүрэх ,ажил мэргэжилдээ эзэн болох нийгэмд тодорхой байр суурь эзлэх зэрэг  өөрийнхөө үнэ цэнийг ухамсарлах  болоод бусдад үнэлэгдэж хүлээн зөвшөөрөгдөх,  хүсэл эрмэлзэл хүнд  бий болдог байна.Энэ хэрэгцээ бол гуравдугаартай адил нийгмийн хэрэгцээ юм.Хэрэв хүний энэ хэрэгцээ хангагдахгүй  бол тухай хүн өөрийгөө дутуу үнэлэх дорд үзэх зэрэг сөрөг үр дагавартай тулдаг байна.


5. Өөрийгээ нээх

Биеэ засаад , гэрээ засчихсан чинь бас нэг юмыг засмаар санагдаад байдаг болчихлоо  гэдэг шиг хүн   хэдийгээр дээр дурдсан дөрвөн хэрэгцээг бүрэн хангалаа ч  түүнд чамлалттай санагдаж ямар нэг юмаар дутагдаж буйгаа мэдэрдэг байна.Үүнийг өөрийгөө нээх буюу өөрт байгаа  нөөц бололцоог  дээд зэргээр ашиглаж хүсэл мөрөөдлөө биелүүлэх хэрэгцээ гэдэг байна.Нэг  нь шинжлэх ухааны  нээлт хийж Hобелийн шагнал авахыг хүсч байгаа бол нөгөө нэг нь бизнестээ амжилт олж Mиллиардер болох бусад нь улсаа хамгийн  Ухаалаг Төртөй улс болгох санаархалтай гэх мэтээр энэ хэрэгцээ нь тухайн хүнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг.
Энэ онол гарсанаасаа хойш маш олон удаа шүүмжлэлд өртсөн боловч хүний хүсэл эрмэлзэлийг ойлгоход асар их  практик ач холбогдолтой багаж хэрэгсэл юм. Хэдий тийм ч А.Х. Маслов Хэрэв чиний цор ганц багаж алх юм бол юм бүхэн чамд  хадаасыг  санагдуулна гэж хэлсэнтай адил ганц энэ  онолоор бүгдийг дүгнэх нь өрөөсгөл болно.

1 comment:

Unknown said...

Их хэрэгтэй мэдээллийг оруулсан байна. Энэ мэдээлэлтэй ойролцоо хөгжлийн философийн тухай мэдээлэл тавьж өгөөч