Thursday, November 19, 2009

1387 онд Персийн Исфахан хотыг Төмөр хаан эзэлж авсан тухай (I)

Дундад зууны Персийн Исфахан хот нь уран барилга, хөшөө дурсгал , өндөр соёлтой баян иргэдтэйгээрээ алдаршиж хамгийн өндөр хөгжилтөй гайхамшигтай хотуудын нэгэнд тооцогдож байжээ. Алдарт мусульман аялагч Ибн Батута (1304-1369) : Исфахан бол дэлхийн хамгийн том , сайхан хотуудын нэг мөн. Хүмүүс нь улаавтар цэвэрхэн цагаан арьстай царайлаг, ер бусын зоримог бөгөөд өгөөмөр.Тансаг амттан, хоол ундтай. Исламын ертөнцөд алдартай нийтийн халуун усны газар нь бүүр онцгой сэтгэгдэл төрүүлэв гэх мэтээр бичиж тэмдэглэжээ.

Ибн Батутын аяны тэмдэглэл болон бусад эх сурвалжуудаас үзэхэд тэр үеийн Исфахан хот Персийн Султаны титэмийг чимсэн сувд эрдэнэ байсан ба иргэд нь жаргалтай өөрсөддөө болон хорвоо дэлхийд сэтгэл хангалуун баян хүмүүс байж. Тэр үеийн Европын хамгийн том хотууд болох Париж хаяа нийлсэн тосгон, суурингуудтайгаа нийлээд 80 мянга, Лондон ,Кьёлн тус тус 50 мянган хүмүүстэй байхад Исфахан 500 мянга орчин оршин суугчидтай байжээ.Соёл иргэншлийн төвшин эд баялгаар Европын ямар ч хот Исфаханыг бараадахгүй ба тэр үеийн Исфахан Лондон ,Париж хотуудыг хооронд нь харьцуулах бол өнөөгийн Лондон ,Париж хотуудыг Лагос,Улаанбаатартай харьцуулсантай адил байжээ.


Ийм хотын хэрэмний өмнө 1387 оны хаврын нэг өдөр хэдэн сар үргэлжилсэн аяны тоос шороонд даруулсан монгол цэргүүд цэлмэг тэнгэрээс буусан аянга мэт гэнэт гарч ирэн ярайн жагссаныг хараад Исфаханчууд мэл гайхаж цэл хөхөрч айдас хүйдэст автав.Тэдний удирдагч бол Төмөр буюу доголон хочтой Төмөр хаан байлаа.
Түүнийг түүхийн сурвалж бичгүүдэд Тамерлан , Исламын Илд, Дэлхийг байлдан дагуулагч зарим нь бүүр Бурхны ташуур гэж тэмдэглэсэн байдаг.Тэрээр ганц ч тулалдаанд ялагдаж байгаагүй ихэнх амьдралаа дайн тулаанд зориулсан.Өршөөлийг үл мэдэгч хатуу догшин хүн байсан бөгөөд дэлхийн түүхэн дэх суут их цэргийн жанжнуудын нэг Эзэнт Гүрнийг Үндэслэн байгуулагч билээ.

Түүний хамгийн их үлгэр дууриалал авж шүтэн биширдэг хүн бол мэдээж нүүдэлчдийн аугуу хаан Чингис байлаа.Исфахан хотын хэрэмний өмнө тулж ирсэн ялагдаж үзээгүй жанжнаар удирдуулсан ялагдашгүй арми бол байгуулсан ялалтуудаараа алдаршсан төдийгүй аймшигтай хэрцгий хядлага хийдгээрээ бас алдартай байжээ.Төмөр хааны армийн эзэлсэн хот , тулалдсан газартаа үлдээдэг дурсгал бол алсан дайснуудынхаа толгойгоор босгодог овоо ажгуу.Төмөр бууж өгөөгүй буюу бослого гаргаж зүрхэлсэн дайснуудаа толгой дараалан хайр найргүй хядаж устгадаг төдийгүй бүүр аймшигтайгаар тамлаж хороодог байжээ


Төмөрийн арми Исфаханд ирэхээсээ хоёр жилийн өмнө Ишифар хотын иргэдийг алж хүүрээр нь цамхаг босгоод мөн хоёр мянган хүнийг амьдаар нь газар булж байжээ.Арван хэдэн жилийн дараа Энэтхэгийг дайлан эзэлж байхдаа Дэли хотын захирагчтай хийх тулааны өмнөхөн цэргүүддээ бүх олзлогсдыг хороохыг тушаагаад цэргүүд байлдах ёстой болохоос биш хүмүүсийг харгалзах ёсгүй.Тэгээд ч ийм олон хүн бослого гаргаж болзошгүй гэсэн байна.Ингээд хэдхэн хоногийн дотор түүний цэргүүд 100 мянга орчим хүмүүсийг эр эм гэж ялгалгүй бүгдийг нь алсан байна.Мөн Шиваз хотоо хамгаалан тулалдсан 3000 мянган загалмайтнуудыг амьдаар нь газар булаад үлдсэн хүмүүсийг нь толгойгоор нь холбож байгаад цэргүүдээр дэвсүүлэн хороож байжээ.Төмөрийн иймэрхүү үйлдлүүд тоймгүй олон бөгөөд тэрээр үнэхээрийн харгис хэрцгий хүн юм.

Айдас хүйдэст автагдсан Исфахан хотынхонд нэг бол хотын хэрмэн хаалгыг нээж монголчуудад үг дуугүй бууж өгөх эсвэл хэрмэн дотроо үхэн үхтлээ хамгаалж тэмцэх хоёрхон сонголт л байлаа.Тэд өөрсдөд нь хэн ч туслахаар ирэхгүй тэгээд ч Төмөрийн армийг ялах хүч дэлхийд дэлхийд байхгүй гэж
мэдэж байлаа.Харин Төмөр хаан өөрийнхөө ялна гэдэгт итгэл төгс байсан ба болж өгвөл Исфаханыг эсэргүүцэлгүй буулгаж авч, цэргүүдийнхээ цусыг урсгахгүй хүсэлтэй байжээ.Тэрээр элч зарж бууж өг эсвэл үх гэж Исфаханыханд мэдэгдсэн байна.

Исфахан хотын захирагч ,ахмад настнууд зөвлөлдөөд хотын иргэдийн амь насыг аврах цорын ганц арга бол бууж өгөх гэж тогтоод Төмөр хаанд ямар ч эсэргүүцэлгүйгээр бууж өгчээ.Төмөр хаан тэднийг амь хэлтрүүлээд асар өндөр төлбөр шаардсан байна.Тэр хотын дотор 3000 цэргийг байршуулаад хотын хэрмэн хаалгыг сахиулж шилмэл хороодыг үлдээгээд өөрөө гол хүчтэйгээ хотоос алс буудаллаж эзэнт гүрэндээ нэгэн шинэ хот нэмэгдсэн болон амархан ялсны баярыг тэмдэглэжээ.

Монголчуудыг тэр шөнө ялалтын баяр тэмдэглэн наргиж цэнгэж аян замын алжаалаа тайлж байхад Исфахан хотынхон ялагдлын гутамшгийг мэдэрч,бүх эд баялгаа Төмөр хаанд алдсанаа ойлгож байжээ.Мөн Ирээдүйд юу болох бол?Эхнэр хүүхнүүдийг маань монголчууд хүчиндэхгүй байгаа?Төмөр хэлсэн амандаа хүрч биднийг зүгээр орхих болов уу? гэсэн бодлууд тэдний санааг зовоож байлаа.Баян худалдаачид, язгууртнууд, өвгөчүүл, бичгийн эртэмтэд гээд ахмад настай амьдралын туршлагатай хүмүүс бууж өгөх дэр санаа нийлж байсан бол тэдний үр хүүхэд ач гуч болох хотын залуучууд дорнын зэрлэгүүд ,Доголон Нохойд олуулаа байтлаа эсэргүүцэлгүй бууж өгч байгаадаа эвлэрч чадаxгүй xор шар нь хүрч омог нь бадарч байв.

Мянга мянган зэвсэгт дайчид тэгээд дээр нь хэрэм бэхлэлттэй тул Исфахан хотын залуучууд монголчуудтай үзэлцэхээр шийдэв.Тэд Монголчуудын гутлын улыг долоож боол зарц нь болохыг хүсээгүй аж.Хэдийгээр залуучууд нь тулааныг хүсч байсан боловч хар толгойдоо лай хураахгүйг хичээж байсан хотын ихэнх иргэд босно тэмцэнэ гэхээр сүнс нь зайлах дөхөж байжээ.Ингээд шөнө дунд нэгэн дархан залуу дайны хэнгэрэг дэлдэж дохио өгөхөд бослого хотын дотор яг түймэр шиг дэгдэв.Залуучууд бөөн бөөнөөрөө хотын дотор байсан 3000 Монгол цэргүүд рүү гэнэдүүлэн дайрч бараг бүгдийг нь хөнөөв.

Исфаханы залуучууд хотын дотор таран байрласан Монгол дайчдийг харанхуй шөнө гэнэтийн дайралтаар хиаруулаад толгойг нь тасдаж жадны үзүүрт өлгөж савчин хотын гудамжаар гүйлдэхдээ Ялалт! Исфаханчууд Монгол зэрлэгүүдийг даран сөнөөлөө!Бүгдээрээ тулалдъя!Үхэх сэхэхээ үзье! гэж хөөрөн хашгиралдаж байв.Гэвч тэд хотын хаалгыг сахиж байсан Монгол цэргүүдийг яаж ч дайраад дийлсэнгүй ээ.Хэрмэн хаалгыг Монголчуудаас булааж авч чадахгүйгээ мэдээд Төмөр хааны аймшигт тамын өшөө авалт өөрсдийг нь ниргэхийг ухаарсан хотын иргэд өөрсдийн найдваргүй байдлаа ойлгож дайралтаа зогсоож тарцгаахад хот тэр аяараа асар том бунхан, оршуулгын газар болж хувирсан мэт болоод үхээрийн чимээ аниргүй байдал ноёрхов.

Исфахан хотын иргэд амьдралынхаа сүүлчийн шөнө хоорондоо салах ёс гүйцэтгэж , зарим нь боломжтой бүх аргыг хэрэглэн нуугдаж, нүх сүв хайж оготно хулгана болж төрөөгүй дээ харамсаж байлаа.

Үүр хаяарч гэгээ татаж эхэллээ.Эрлэг Тамын элч Төмөр хаан цэргүүдтэйгээ айсуй.

No comments: