Friday, January 3, 2014
Энгелсийн хууль
19 - р зууны үеийн Эрнст Энгелс (1821–1896) хэмээх германы эдийн засагч , статистикч Белгийн 153 өрхийн төсвийг шинжлэн судлаад баян айлууд бага орлоготой өрхүүдийг бодвол орлогынхоо харьцангуй бага хэсэгийг хүнсэндээ зарцуулдаг болохыг илрүүлжээ.Өөрөөр хэлбэл тэдгээр өрхүүд хичнээн өндөр орлоготой байна төдий чинээ орлогынxoo бага хувийг хүнсэнд зарцуулж байв. Эндээс Энгелс xүмүүсийн нийт зарлагад эзлэх хүнсний зарлагын хувь хэмжээ орлоготойгоо урвуу хамааралтай гэсэн дүгнэлт хийжээ.Энэ статистик хамаарлыг түүний нэрээр Энгелсийн хууль гэж нэрлэсэн юм. Xэдийгээр Энгелсийн хууль бол бүх ертөнцийн таталцлын , масс хадгалагдах зэрэг туршилтаар нотлогддог физикийн хууль биш боловч практик дээр олон удаа батлагдаж хамгийн сайн судлагдсан эдийн засaг хамаарлуудын нэг билээ.
Энгелсийн хуулийн зарчим бол гайхмаар сонин зүйл биш.Учир нь хүний өдөр тутмын үндсэн суурь хэрэгцээнүүдийн нэг бол хүнсний хэрэгцээ тул хүмүүс орлогоо эхний ээлжинд энэ хэрэгцээндээ зарцуулаад дараа нь бусад хэрэгцээндээ зарцуулдаг. Мэдээж хэрэг хүн бүрийн хүнсний хэрэглээ тухайн хүний тааллаас хамаарч өөр өөр байдаг учир хүмүүсийн хүнсэндээ зарцуулдаг мөнгөн дүн хоорондоо адилгүй.Жишээ нь яг тэнцүү орлоготой хоёр хүн байжээ гэхэд нэг нь орлогынхоо 50% ийг хүнсэнд зарцуулж байхад нөгөө нь 25 % зарцуулдаг байж болно.Мөн баян чинээлэг хүмүүс өндөр үнэтэй тансаг хүнс хэрэглэх хандлагaтай байдаг.Гэхдээ эдгээр нь уг хуулиас урган гарсан хүмүүсийн орлого өсөхөөр өрхийн төсөвт эзлэх хүнсний зарлагын жин /хувь/ багасна гэсэн ерөнхий дүгнэлтийг өөрчлөхгүй.
Үүнийг эдийн засгийн хэлээр илэрхийлвэл эрэлтийн орлогоос үүдэх уян хатан байдал 1 -ээс бага гэсэн үг юм. Ямар нэгэн бараа үйлчилгээний эрэлтийн уян хатан байдал 1 тэй тэнцүү бол хэвийн, 1 ээс их бол тухайн бараа үйлчилгээг тансаг хэрэглээний гэж үздэг. Хүнсэнд зарлагадаж байгаа мөнгөн дүнг бүх орлогын мөнгөн дүнтэй харьцуулсан харьцааг Энгелсийн коффицент гэдэг. Жишээ нь жилийн 100 мянган долларын орлоготой айл хүнсэндээ 25 мянга доллар зарцуулжээ гэвэл тухайн айлын Энгелсийн коффицeнт 0.25 буюу 1/4 тэй тэнцүү.Уг коффицентийн утга хичээн өндөр байна (улс, хувь хүн , өрх) төдийчинээ ядуу гэсэн үг бөгөөд эсрэгээрээ нам бол амьдралын өндөр жишгийг илтгэнэ.Энэ бол ядуурлыг хэмжих энгийн бөгөөд тохиромжтой хэмжүүр юм.
Олон улсын жишгээр Энгелсийн коффицент 1/3 ээс өндөр бол ядуурал гэж үздэг.Монголын Yндэсний Cтатистикийн Xорооны 2013 оны 3 дугаар улирлын судалгааны дүнгээр нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 868.4 мян.төг ба хүнсний бүтээгдхүүний зарлага 216 067.3 байсан болно.Үүнээс Энгелсийн коффицент 0.2488108 буюу ойролцоогоор 25% тай тэнцүү гэж тооцоолж болно. 2012 оны байдлаар АНУ-д энэ үзүүлэлт 13%, 2011 оны дүнгээр Хятадын хотын оршин суугчдынх 36.3% хөдөөнийх 40.36% байсан.Ингээд харахад 25% бол тийм ч муугүй .
Энгелсийн хууль нь А.Масловын хэрэгцээний шатлалын онолын шалгуур болох ба нийгэм эдийн засагт энэ хоёрыг хослуулан авч үзэх нь практик төдийгүй онолын хувьд өндөр ач холбогдолтой болой.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment