Monday, January 6, 2014

Нийтийн эзэмшлийн эмгэнэл

Америкийн эрдэмтэн Гаррет Жэймс Харден 1968 онд "Science"  сэтгүүлд  нийтлүүлсэн  "The Tragedy of the Commons" хэмээх алдарт эссэндээ хүмүүсийн  амин хувиа хичээсэн  үйлдэл байгаль  орчны нөөцийг шавхан  даацыг нь хэтрүүлж  эцэстээ сүйрэлд хүргэх тухай энгийн жишээн дээр зүйрлэл ашиглан өгүүлжээ.

Тэр нь нэг иймэрхүү:

       16 -р зууны үеийн  Англид нийтийн эзэмшлийн бэлчээрийг " the commons" гэдэг байжээ. "Commons"  бол хэн нэгний хувийн өмч байгаагүй бөгөөд  хэн дуртай нь тэнд малаа бэлчээж болдог байв. Мөн малын  тоо толгой нэмэгдэхийн хэрээр малчин өрхийн ашиг нэмэгдэж байсан тул айл бүр үнэгүй бэлчээрийг /the commons/  ашиглан малaa  өсгөхийг эрмэлзэж байв. Тэр үед  малын тоо толгой цөөн малын өвчин байнга гарч байсан  учраас мал   өсдөггүй   бэлчээрийн даац хэтэрдэггүй байсан байна.

          Гэвч энэ байдал эцэс болж малын хорогдол алга болж малын  тоо толгой жилээс жилд олширч эхэлжээ.Yр дүнд нь  мал сүрэг  өсч нийтийн эзэмшлийн бэлчээрийн даац хэтэрч бэлчээр талхлагдах аюул тулгарчээ.Хэдийгээр цаашдаа ийм маягаар мал өсвөл бэлчээр бүрэн талхлагдаж үгүй болно гэдгийг  бүгд ойлгож байсан боловч  хүн бүр хувьдаа малынхаа тоо толгойг нэмгдүүлэх сонирхолтой байв.Учир нь малынхаа тоо толгойг нэмэгдүүлэхэд үүдэх ашиг орлого тухайн малчинд очиж харин гарлага зардал буюу бэлчээр талхлагдах аюул бүгдэд ноогдож байжээ.Нэг үгээр малаа нэмэгдүүлсний ашиг орлого нь гарлага зарлагнаасаа илүү байж.

         Ингээд хүн бүр бие биенээсээ өрсөн  аль болохоор их мал нийтийн эзэмшилд бэлчээсэн тул бэлчээрийн даац хэтэрч бүрэн талхлагдaн бүгд хохиров.Үүнийг Харден "The Tragedy of the Commons" гэж нэрлэсэн юм .Өөрөөр хэлбэл хэрэглээний хязгаарлагдмал багтаамжтай нийтийн эзэмшлийг нийтээрээ хоорондоо өрсөлдөж тодорхой  хэм хэмжээнээс хэтрүүлж ашиглавал уг эзэмшлийг сүйтгэх ба бүгд хохирох байдлыг "Нийтийн Эзэмшлийн Эмгэнэл" гэжээ.

Үүнийг доорх жишээн дээр тайлбарлаж үзүүлье.

Үнээний тоо *Н/Зардал  **Н/Орлого    ***Сүүний Гарц ****Ашиг         Бэлчээрийн Нөхөн сэргэлт
10 200 1000 100 800 90
20 400 1800 90 1400 80
30 600 2400 80 1800 70
40 800 2800 70 2000 60
50 1000 3000 60 2000 50
60 1200 3000 50 1800 40
70 1400 2800 40 1400 30
80 1600 2400 30 800 20
90 1800 1800 20 0 10
100 2000 0 0 -2000 0

  Хөдөө нийтдээ 10 үнээтэй 10 айл байна гэж төсөөлье.Мөн бэлчээрийн нөхөн сэргэлтийн дээд хэмжээ буюу даац 50 үнээг бэлчээхэд хүрэлцэх ба нэг үнээний зардлыг /тухайлбал малын татвар/ 20 $ гэж үзье.Айлууд нийтдээ 10 үнээтэй байхад нэг үнээнд ноогдох сүүний гарц мөнгөн дүнгээр 100 $ тэнцүү, 20 үнээтэй байхад нэг үнээнд ноогдох сүүний гарц 90$..., 50 болоход 60$ гэх маягаар буурч байна. Учир нь бэлчээрт байгаа үхрийн тоо нэмэгдэхийн хэрээр нэг үхэрт ноогдох өвсний хэмжээ буурч  улмаар  сүүний гарц багасна. Хэрэв бэлчээр хэн нэгний хувийн өмч байсан бол 50 үнээ бэлчээх хувилбарыг сонгох ба энэ нь хамгийн өндөр ашиг /2000$/  авчрах бөгөөд бэлчээрийн даацын дээд хэмжээ юм.

Гэвч бэлчээр хэний ч өмч биш өөрөөр хэлбэл бэлчээр сүйдэх эсэх нь хэнд ч хамаагүй тул малчид аль болохоор бие биенээсээ өрсөж ашиглахыг хичээн тус тусын бэлчээх үнээнийхээ тоог өсгөнө.Яагаад гэвэл хэн бусдаасаа өрсөж үнээнийхээ тоог нэмэгдүүлж чадна тэр хожих***** ба бэлчээрийн даац хэтэрлээ энэ маягаараа бол бэлчээр сүйднэ дээрээс нь би нэрмээд яахав гэж бодох юм бол тухайн хүн өөр орлогын эх үүсвэр байхгүй нөхцөлд турж үхнэ гэсэн үг.Энэ байдал малчид нийтдээ 90 үнээтэй болох хүртэл үргэлжлэх ба тэр үед бэлчээр бараг бүрэн суйтгэгдээд хүмүүс үнээнүүдээ алаад хот суурин газар бараадах болно.Өөрөөр хэлбэл бүгд хохирно.Энэ бол "Нийтийн Эзэмшлийн Эмгэнэл" юм.

 Монголд 1990 оноос хойш ноолуурын үнэ өссөн мөн төр засгаас ямааны мөнгө зэргийг олгож хөхүүлэн дэмжсэний үр дүнд мал сүрэгт эзлэх ямааны тоо толгой өссөнөөр  бэлчээрийн даац хэтэрч цөлжилт явагдаж эхэлсэн байна.Монголын уламжлалт тогтолцоогоор 3 хонь дагуулж нэг ямаа байлгадаг байсан /бог малын 25% / бол өнөө үед ямааны тоо толгой их өсч 2013 оны байдлаар 19, 2 сая болон нийт мал сүрэгийн 42.6 % -ийг эзлэх болсон байна.Энэ бол "Нийтийн Эзэмшлийн Эмгэнэл" - ийн бодит жишээ юм.Одоо цөлжилт явагданa гэдэг бол дээрх жишээ дээр дурдсан 50 үнээнээс хэтрүүлсэн шиг  буюу бэлчээрийн даацын дээд хэмжээ хэтэрч гэсэн үг билээ.Энэ байдал  удаан үргэлжлэх юм бол бэлчээр бүр их  сүйдэж малаа барсан хөдөөнийхөн Улаанбаатарыг улам ихээр дайлаар мордох нь гарцаагүй.

Тайлбар:

*Нийт зардал = (Үнээний тоо хэмжээ) x ( 20$) хүснэгтэн дээр Н/Зардал гэсэн байгаа.

**Нийт орлого= (Нэг үнээнд ноогдох сүүний гарц) x (Үнээний тоо хэмжээ)

***Сүүний гарц гэдэг нь нэг үнээний өгөх саалийн дундаж  хэмжээ.

****Ашиг =  (Нийт Орлого) - (Нийт зардал)

***** Тухайлбал :Хүснэгтэн дээр үзүүлснээр айлууд нийтдээ 50 үнээтэй  байхад айл тус бүр 5 үнээтэй байжээ гэж төсөөлье. Тэгвэл нэг малчны 5 үнээний зардал 100$ , орлого 300$ ашиг 200$ байна.Хэрэв аль нэг  малчин бусдаасаа өрсөн  үнээнүүдийнхээ тоог 10 аар нэмэгдүүллээ гэж бодоход түүний зардал 300$, орлого 750$ болж түүний олох ашиг 450$ болно.Энэ тохиолдолд бэлчээрийн талхлалт , сүүний гарц багасах зэрэг гарз хохирол бүгдэд тэнцүү тусах ба ашиг орлого тухайн малчинд очно.  Өөрөөр хэлбэл нийтийн ашиг 2000$ -оос 1800$ болж 200$ оор буурч байхад үнээнүүдийнхээ тоог нэмэгдүүлсэн  малчны  ашиг 250$-оор өссөн.

No comments: