Friday, February 20, 2015

Хамгийн үзэсгэлэнтэй цэцэг

Эрт урд цагт Перс улсын хааны хүү эхнэр авалгүй уджээ.Тэгээд нэг өдөр ханхүү гэрлэхээр шийдсэн байна.Ханхүүд ямар нэгэн гоцолж сонгосон дурлалт бүсгүй байгаагүй учраас том найр хийхээр шийдэж улсын хамгийн үзэсгэлэнт сайхан язгууртан бүсгүйчүүдийг найранд хүрэлцэн ирэхийг хүсч тэдэн дундаас ирээдүйн эхнэрээ сонгоно гэж зар тараажээ.Үүнийг ордонд алба хаадаг өвгөн хиагийн ганц охин эцгээсээ олж дуулаад сэтгэл нь ихээр хямрав гэнэ.Учир нь тэрээр ханхүүд хязгааргүй их дурласан байжээ.Ингээд найр болдог өдөр тэр бүсгүй хэдийгээр аав нь хориглосон боловч эс харгалзан ханхүүг бусдынх болоогүй байхад нь эцсийн удаа харахаар хааны ордоны найранд ирэв.

Найрын дундуур тэнд уригдсан бүх сайхан бүсгүйчүүд болон хиагийн охинд мөн адил ханхүү зарц нараараа нэг нэг цэцгийн ваар өгүүлээд дараа нь өөрийн биеэр тэр сав тус бүрт нэг нэг цэцгийн үр тараав гэнэ.Тэгээд ханхүү бүсгүйчүүдэд хандан "Хагас жилийн дараа цөмөөрөө энд уулзацгаая.Та нарын дундаас миний өгсөн үрээр миний өгсөн вааранд хамгийн сайхан цэцэг ургуулсан бүсгүйг би эхнэрээ болгоно" гэж хэлжээ.
Энэ цагаас хойш хиагийн охин өөрт нь өгсөн цэцгийн үртэй савыг үнэт эрдэнэ мэт нандигнан хайрлаж өдөр бүр услаж бордоо дусаан, улсынхаа хамгийн сайн цэцэрлэгчдээс цэцэг яаж ургуулах тухай сургааль зөвлөгөө аван асар их чармайжээ.Эхний гурван сар өнгөрөхөд цэцгийн савнаас юу ч цухуйсангүй .Гэвч бүсгүй цөхөрсөнгүй хичээл чармайлтаа хэд дахин нэмэгдүүлж гэнэ.
Тэгээд дахин гурван сар өнгөрсөн боловч хамгийн харамсалтай нь түүний бүх хичээл зүтгэл талаар өнгөрч ханхүүгийн өгсөн цэцгийн ваарнаас юу ч ургасангүй.Хэдийгээр тэр бүсгүй юу ч ургуулж чадаагүйдээ маш их гуниг харуусалтай байсан боловч хоосон цэцгийн саваа тэврээд хайрт ханхүүгийнхээ царайг эцсийн удаа харахаар шийдээд товлосон өдөр хааны ордонд уулзалтанд иржээ.
Сонгон шалгаруулалтанд ирсэн бүсгүйчүүд нэг нөгөөсөө илүү үзэсгэлэн төгөлдөр ялдам сайхан охидууд байснаас гадна тус бүрдээ өөр өөр урд өмнө нь ямар ч хүний үзэж харж байгаагүй үзэсгэлэнтэй анхилуун сайхан үнэртэй өнгө өнгийн хачин сонин цэцгүүд ургуулж ирсэн байжээ.Харин хиагийн охин л ганцаараа тэнд ваартай шороо тэвэрч ирсэн бүтэлгүй нэгэн байв.
Ингээд хамгийн сайхан цэцгийг шалгаруулахаар xунтайж  сүрлэг том танхимд цэцэгнүүдээ барин эгнэн зогссон бүсгүйчүүдийн өмнүүр нэгэн зүйлийг хайх мэт явсаар хиагийн охины өмнө зогсоод "Энэ бүсгүй хамгийн үзэсгэлэнтэй сайхан цэцгийг ургуулжээ.Түүний цэцэгний нэрийг ариун шударга гэдэг юм" гээд бүсгүйд хандан Эхнэр минь болооч" гэж хэлэв гэнэ.
Яагаад ханхүү хиагийн охиныг сонгсон бэ гэвэл тэр бүх бүсгүйчүүдэд цэцгийн хуурамч үр өгсөн учраас өөрт нь үнэхээр дурласан үнэнч шударга бүсгүй л хоосон ваартай ирнэ гэдгийг мэдэж байжээ.
Эртний нэгэн үлгэрээс санаа авч бичсэн болно.

No comments: