Friday, March 7, 2014

Crimean Tatars

Алтан Ордны улс задарсны дараа 15- р зуунд Крымийн Ханлиг Улсыг Чингис хааны удам Хажи - Гэрэй Мелек байгуулжээ.Крымийн татаарууд бол  нутгийн аялгууны түрэг хэлээр ярьдаг Скиф, Хазар, Половчууд болон Монголчуудаас бүрэлдсэн ард түмэн юм. 1475 оноос 1774 он хүртэл Крымийн Ханлиг нь Туркийн дагуул улс байжээ.



Крымийн татаарууд мал аж ахуй , усан үзэм буудайн тариалан эрхэлдэг байв.Мөн боолын наймаа болон дайны олзоос их орлого олж байжээ.Мэнгли Гирэй ханы үед Бакчисарай хотыг нийслэл болгоод тэнд дэлхий даяар алдартай ханы ордонг барив.1944 оныг хүртэл Крымийн татааруудыг 3 бүлэгт ангилдаг байв.Үүнд :талын буюу Ногайнхан, уулын (Татларууд) , Крымийн өмнөд эрэгийнх буюу Ялиболичууд. Гадна төрхөөрөө Ногайчууд илүү монголжуу бөлгөө.



Крымийн татааруудын хэл бол Крым-Турк хэл бөгөөд алтай хэлний бүлд багтах ба гурван үндсэн аялгуутай : хойд буюу ногайн , төв аялгуу буюу полов, өмнөд буюу түрэг аялгуу болно.Уран зохиолын хэл өмнөд аялгуу буюу түрэг аялгуу байсан.Хорьдугaар зууны 20-иод оныг хүртэл араб цагаан толгойг хэрэглэж байгаад латин цагаан толгойгоор солиод дараа кирилл болгожээ.

Крымийг Орос авснаас хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсэн нутгийн  татааруудыг үгүй хийж Крымийг дангаар эзэгнэх гэсэн оросуудын  хавчин гадуурхах бодлого явагджээ. 1783 онд татарчууд анх удаа бөөнөөрөө Крымээс дүрвэж oйролцоогоор 300 мянган татаарууд /голцуу уулынхан/ Крымийг орхин дүрвэсэн байна.Үүнээс хойш Крымийн дайны дараагаар 1860-1863 онуудад 181 мянга гаруй татаарууд төрсөн нутгаасаа дүрвэжээ.1902-1903 онуудад бүүр өдөрт 600-800 татаарууд Крымээс явж байжээ. Энэ явдал хорьдугаар зууны 20 - иод он хүртэл тасралтгүй үргэлжилсэн байна.

Гадаадад дүрвэсэн Крымийн татаарууд Крымийг мөнхөд өөрийн эх орон гэж үздэг  ба Турк, Болгар, Румынд 1905 оны үед татааруудын гадаад дахь байгууллагуудaa үүсгэжээ.Орос дахь иргэний дайны дараа 1921 онд Крымийн Автономит Социалист Бүгд Найрамдах Улс бий болж албан ёсны хэл нь орос, крым-татар хэл болсон байна.Энэ улсын оршин тогтносон эхний хэдэн жилүүдэд асар их гай гамшиг дагуулсан өлсгөлөн болсон бөгөөд зөвхөн 1921-1922 онд 75 мянган хүн, 1923 он болоход 100 мянга гаруй хүн үхсэн бөгөөд тэдний 75% татаарууд байжээ.

1921 оноос эхэлж ЗХУ-ын удирдлагууд "Коренизация" хэмээх бодлогоо явуулсан ба энэ нь нутгийн уугуул иргэдээс засаг захиргааны удирдлагуудыг томилох  арга хэмжээ байв.Энэ бодлогын ачаар  Крымийн татарчууд улс төрийн эрх мэдэл авснаар татар хэл , орос хэлний адил албан ёсны хэл болж татар хэлээр ном сонин хэвлэгдэж татар соёлын хувьд сэргэн мандалт гэмээр үйл явц болжээ.Гэвч харамсалтай нь энэ байдал удаан үргэлжилсэнгүй ЗХУ-ын зүгээс татааруудыг коммунизмийн эсрэг хэрэгт буруутган татар сэхээтнүүд , улс төрчид , соёл урлагын зүтгэлтнүүдийг бөөнөөр нь  баривчлан хэлмэгдүүлж 1929 татар цагаан толгойг латинаар, 1929 онд кириллээр сольжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Крымийн татаарууд ЗХУ-ын зүгээс хамгийн хэцүү зовлонт гэсгээл амссан юм.1944 онд Сталин Крымийн татааруудыг фашист Германд урваж Улаан Арми эсрэг тулалдсан, партизануудыг устгасан, ЗХУ-ын иргэдийг хөнөөсөн мөн Крымийг ЗХУ-аас таслан тусгаар тогнохыг санаархсан  гэх хэрэгт буруутган бүгдийг нь Төв Азид-д шилжүүлэн цөлөхийг зарлигджээ.

Энэ үйл ажиллагаа 1944 оны 5-р саын 18 нд эхлээд 1944 оны 5 сарын 20 хүртэл үргэлжилсэн ба зөвлөлт засаг татааруудад  ер бусын хэрцгий ширүүн ханджээ.Тэдэнд ердөө хэдхэн минутийн дотор гэрээсээ хэрэгтэй юмаа авч гарахыг шаардаад мөнгө болон хүнс авахыг хориглосон байна. Ажиллагаа эхэлсэн эхний өдөр 20 цагийн орчимд 90 мянга гаруй татааруудыг малын вагонуудад ачив.Маргааш нь  үд өнгөрөхөд 119.5 мянган хүмүүсийг 44 вагоны цуваагаар замд нь гаргасан байв.Ингээд нийтдээ 191 мянга гаруй татааруудыг Крымээс ачжээ.Чингэхдээ нэг биш удаа татааруудыг хөнөөж байсан ба хамгийн их дуулиант аймшигтай аллага бол Арабатын районд болсон ба тэнд татааруудын сууринг НКВД-ийн цэргүүд бүсэлж аван хомроглон баривчлаад  дараа нь тэднийг бөөнөөр нь завинд суулгаж Азовын тэнгисийн хамгийн гүн хэсэгт аваачиж живүүлсэн явдал юм. НКВД-ийн цэргүүд амь гарахыг хичээн усанд хөвж яваа татааруудыг пулёмётоор шүршиж хороож байжээ.Тэр үед тэнгисийн ус татаарчуудын цусанд будагдан улаан болж байв.Зарим хүмүүсийн цогцос  давалгаанд цохигдон очиж тэнгисийн эрэг дээр хэвтэж байсныг харсан гэрч байдаг боловч тэднийг айлган сүрдүүлж ам нээхгүй байхыг анхааруулсан учир энэ аллага өнөөг хүртэл бүрэн тодорхойгүй байна.

Татааруудыг ингэж нүүлгэн суурьшуулсны дараа  тэдний гэр орон,татар хэл дээр бичигдсэн бүх  ном сударыг шатааж  /Маркс-Лениний зохиолуудыг хүртэл/ оршуулгын газрыг онгичон  сандааж  Крымд байгаа татаарын гэх бүх зүйлсийг  устган сүйтгэжээ. Ингэж Сталин болон түүний хамтран зүтгэгч Хаант Оросын үеийн Крымыг татааруудгүйгээр  эзэмших мөрөөдлийг биелүүлжээ.Үүнээс 1967 онд ЗХУ-ын удирдлагууд Крымийн татааруудыг нүүлгэн шилжүүлснийг буруутгасан боловч нутагтаа буцан очихыг зөвшөөрөхгүй байсаар 1989 онд албан ёсооор зөвшөөрчээ.

1991 онд Крымийн татаарууд өөрсдийн  парлaментаа байгуулсан  бөгөөд Меджилис гэж нэрлэжээ.Парламентийн сонгууль таван жилд нэг  удаа болдог ба насанд хүрсэн Крымийн татарууд оролцох эрхтэй болой.Мустафа Джэми даргаар нь томилогдсон байна.1992 оны таван сарын 5 нд Крымийн Автономит Бүгд Найрамдах Улсын Үндсэн Хууль батлагджээ.

1989 онд цөлөгдсөн  Крымийн татааруудыг нутагтаа буцаж ирэхийг зөвшөөрөхөд татаарууд бүгд төрөлх нутагтаа харихыг хүсчээ.Тэд оршин суугаа нутагтаа өөрийн эдлэн хөрөнгөө зарж нутагтаа буцах зардал болгоход Таджикастан,Казахстан, Узбекистанд үл хөдлөх хөрөнгийн үнэ огцом буурч үнэгүйджээ.  Ихэнх татаарууд санхүүгийн хувьд дампууран байж нутгийн бараа харахад тэдний дайны өмнө оршин сууж байсан газар , байшин оросуудын эзэмшил болсон байв.Зарим нэгэн чинээлэг татаарууд оросуудаас мөнгөөр зодон хуучин байшин эзэмшлээ худалдаж авч байсан боловч ихэнх татааруудад газар болон байшин  барих зөвшөөрөл ч олдоогүй тул хоосон газар өөрсдийнхөө сууцыг  хууль бусаар / самозват/ барьж эхэлжээ.Зарим газар мянга илүү байшин баригдаж хорооллын хэмжээнд хүрсэн байна.

Крымийн Автономит БНУ-ын удирдлага оросуудын гарт байдаг тул татааруудад газар олгоход санаатайгаар түмэн бэрхшээл учруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр татааруудыг хулгайч, гэмт хэрэгтэн болгон дүрсэлдэг ба 1991 онд нэг сонинд бүүр  "Сляван ах дүү нараа! Муслим Хордын довтолгооноос өөрсдийгөө  хамгаалцгаая!" уриалга нийтлэгдэж байжээ.

Татарууд Украины эдийн засаг хамгийн хүнд үед нутагтаа ирсэн бөгөөд нэг газрын зөвшөөрөл хэдэн арван татар өрхүүдэд оногдож байв.Мөн колхозыг хувьчлалаар татааруудад юу ч ноогдоогүй болно.

Өнөөгийн байдлаар Крымд ойролцоогоор 300 мянга гаруй татаарууд амьдардаг ба Белгорск, Советское, Кировское, Бакчысарай, Симферопол районуудыд төвлөрөн суудаг болно.Татаарууд нийгмээс гадуурхагдсан мэт байдаг ба ажилгүйдэл тэдний дунд 49,% ба ажиллагсадын дөнгөж 42% өөрсдийн мэдлэг болвсролд дүйсэн ажил хийдэг ажээ.

Хэдийгээр татааруудын орон сууцны асуудал  удаан боловч бага багаар сайжирч байгаа  хэдий ч шийдэгдээгүй  хэвээр тул шинээр нүүж ирэгсэд майханд амьдран өглөөний нарнаас удшийн бүрий хүртэл тоосгон хана өрөн байшингаа босгож буй аж.

2007 оны 1 сард Симферопол хотын төвд таван мянга орчим татаарууд жагсаал хийн  тэдэнд газар олгохыг шаардаж, Крымийн парламентийн төлөвлөж байсан хууль бусаар газар эзэмшигчидийг шийтгэх хуулийг эсэргүүцээд 1940 -өөд онд хураагдсан татааруудын өмч хөрөнгийг буцаан олгохыг шаардсан байна.2007 онын 1 сарын 18 нд цагдаа нар Симферопол хотын Баклавский гудамжин дахь орон сууцны барилга барих компанийн мэдлийн газарт татааруудын хууль бусаар барьсан барилгыг нураан цэвэрлэх үеэр Крымийн татаарууд цагдаагийн эсрэг мод , чулуу барин молотовийн коктейл ашиглан  тэмцжээ.Энэ үйл явдал   Крымийн оршин суугчдын олонх болох оросууд ба цөөнх татааруудын харилцаа улам муутган хурцатгасан бөлгөө.Үүнээс хойш хэвлэл мэдээлэл Крымийн татааруудын дунд радикал үзэл бодол зонхилох болсон ба татаар залуучууд олноороо Хизб Ут-Тахрир хэмээх дэлхийн Калифатыг байгуулах болон терроризмийг  уриалдаг хориотой намд элсэж буй хэмээн онцгойлон мэдээлэх болжээ.

Татаарууд Крымийн эрх баригчдаас газар олгохыг шаардаж байгаа бөгөөд хэрэв тэдэнд газар өгвөл Крымийн хойгийн төв рүү ус ч олоход бэрхтэй элсэрхэг тал газар олгодог байна.Үүнийг татаарууд  эсэргүүцэж тэнгисийн эрэг хавиар газар олгохыг шаардахад тэдэнд эрх баригчид "Tатаарууд хэзээ ч тэнгисийн эрэгт амьдардаггүй байсан шүү дээ" гэж тохуурхсан маягтай хариулдаг  байжээ.Татаарууд Украйны засгийн газарыг байдалд идэвхгүй байр суурьнаас хандаж байгааг анхааруулж төрөлх татар хэл дээр сурч боловсрох, хот суурингуудын хуучин нэрийг сэргээх тэдний репaтриант хуулийн статусийг бий болгох зэрэг шаардлагууд тавьж байжээ.

No comments: